Г.Дамдинням: Оюу толгой төслийн хувьцааны ноогдол ашгийг 2039 биш, 2027 оноос олгож эхэлнэ

Эрэл, судалгаа хийсэн талбайнх нь 20 хүртэлх хувийг хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгодог болно
-Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн батлах цаг хугацаа хэр ойрхон байна вэ?
-13 жил хүлээсэн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн батлах шатандаа орсон. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлд томоохон хэмжээний арга хэмжээнүүдийг авах, багц өөрчлөлтүүдийг хийх, эрх зүйн боломжуудыг бий болгох ажлын нэг хэсэг нь энэ юм. Одоо энэ хууль төслийн хувьд өөрчлөлт орох зүйл байхгүй, татагдах үндэслэл байхгүй гэж үзэж байна.
- Монголын уул уурхайн салбарынхан хайгуулын тусгай зөвшөөрөл нээлттэй болохыг 10 гаран жил хүлээсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр үндсэндээ шийдэгдэж байгаа гэж ойлгож байгаа?
-Тийм. Хайгуулын салбарыг нээж байгаа. Одоогоор монгол орны газар нутгийн дөрөв гаруй хувь нь л лицензээр олгогдсон байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөл 1700 гаруй, хайгуулын тусгай зөвшөөрөл 1100 орчим байна. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр, манай улсад хайгуулын тусгай зөвшөөрөл үндсэндээ олгогдохгүй байдал руу орчихсон. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл аль болох олныг олгож байж дараа дараачийн нөөц орд газрууд бий болдог онцлогтой. Өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрлөөсөө тав дахин их тоотой байх учиртай юм. Бид энэ боломжоо хаагаад 14 жил болж байгаа. Үр дүнд нь хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөсөө хоёр дахин цөөхөн болчихсон. Энэ бол сайн зүйл биш.
Хайгуулын салбараа нээнэ гэдэг нь ашигт малтмалын лицензийг олон төрлөөр олгодог болно гэсэн үг. Одоо бол зөвхөн тендерээр олгож байгаа буюу мөнгөтэй, чадалтай нь илүү авч байгаа нь ний нуугүй хэлэхэд үндэсний ААН-үүдэд халтай. Хоёрдугаарт, монгол орны хувьд хамгийн чухал зүйл болох эрэл, суурь судалгааны ажлыг эрчимжүүлэх ёстой. Энэ суурь судалгааны ажлаа эрчимжүүлж байж хаана эрэл хайгуулаа хийх вэ гэдгээ, бас газрын хэвлийн баялгийнхаа тоо хэмжээг тодорхой болгоно, нөөцөө арвижуулна. Түүнчлэн энэ салбарт ажиллаж байгаа ААН-үүддээ хайгуул судалгаа хийхэд нь нэмэртэй мэдээллийг бий болгодог зарчимтай. Америк, Канад, Австрали, Хятад, Орос, Казах гээд дэлхийн олон орон хайгуул, ашигт малтмалын эрэл судалгааныхаа ажилд хөрөнгө гаргадаг.
Харин манай улс энэ дээр жилдээ 40 орчим сая төгрөгийг төсвөөс гаргаж байна. Ийм байдлаар манай орны газрын хэвлийн баялгийг бүрэн хэмжээнд судална гэвэл хэдэн зуун жил болох байх.
Эрэл, судалгааны ажил гэдэг зөвхөн ашигт малтмал олборлох зориулалтаар хийдэг ажил биш. Хот төлөвлөлт, ХАА газар тариалан, үер ус, гамшиг, батлан хамгаалах гээд бүхий л салбарт эрэл, судалгааг хэрэглэдэг. Тиймээс энэ судалгааг хийх ёстой. Ингэж байж бид дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно. Тэгэхээр, энэ ажлыг үндсэндээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийх, түүнийх нь төлөө тухайн талбайнх нь 20 хүртэлх хувийг хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгож болно гэсэн зохицуулалтыг хуульд оруулж өгсөн.
-Байгалийн баялгаа ашиглуулж байгаа орон нутгийн иргэдэд ямар давуу тал бий болж байгаа вэ?
-Яагаад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бага болчихов, яагаад уул уурхайн үндсэрхэг үзэл буюу хайгуул, олборлолтын ажилд ард иргэд маань таагүй болчхов гэдэг дээрээ бас судалгаа хийж, шийдэл гаргах ёстой. Хэдэн мянган жил нутаглаад, амьдраад ирчихсэн газар орон дээр нь уул уурхайн үйл ажиллагаа явахаар ард иргэд нь ойлгож хүлээж авдаг боловч эргээд тэдэнд очиж байгаа үр ашиг нь маш бага учраас дургүйцдэг. Үүн дээр нэмээд улс төрийн шинж чанартай, зорилготой явуулгууд гарснаар манайх улс төрийн хэмжээнд өрсөлдөх чадвараа, уул уурхайн салбарын хөгжлөө боомилсон нөхцөл байдалтай байгаа. Үр дүнд нь тусгай зөвшөөрлийн хэмжээ эрс багассан. Тэгэхээр бид шийдэл гаргасан. Тэр нь шинээр зохиочихсон ч зүйл биш. Байгалийн баялгаас орж ирэх орлогыг зөв хуваарилах бодлоготой болох ёстой. Одоо орон нутагт АМНАТ-өөс 10 хүртэлх хувийг л тухайн орон нутагт хуваарилж байгаа юм. Үүнийг хоёр дахин өсгөж 20 хувь болгож байна.
Дархан-Уул аймагт гэхэд жилдээ 50 тэрбум гаруй төгрөгийн АМНАТ авдаг байсан бол одоо энэ хуулиар 100 тэрбум гаруй төрөг авах болно. Газрын хэвлийн баялгаа ашиглуулсан тухайн газарт амьдарч байгаа ард иргэдэд илүү давуу байдал бий болдог байх ёстой. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд монголын томоохон уурхайнууд үйл ажиллагаа явуулж байна. Сум дангаараа Монгол Улсын ДНБ-ий бараг арван хувийг гаргаж байгаа. Гэтэл тэр сумын сургууль нь нураад уначихсан байх жишээтэй. Ийм байхад нутгийн ард иргэд яаж уул уурхайд дуртай байх вэ. Тухайн сум орон нутаг энэ мэт асуудлаа өөрөө шийддэг эрх, санхүүгийн боломжуудыг нь өгөх ёстой. Ингэвэл нутгийн ард иргэд уул уурхайг дэмжинэ.
-Иргэд уул уурхайд дургүй болсон бас нэгэн шалтгаан нь байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал учир дутагдалтай байгаатай холбоотой шүү дээ. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөд энэ талаар ямар шинэчлэл багтсан байгаа вэ?
-Газрын баялгийг ашиглахад хамгийн чухал нь ухахаасаа өмнө болон дараа нь хэрхэн дуусгах вэ гэдэг асуудал. Үүнийг тодорхой болгосон заалтуудыг тусгаж өгсөн. Тухайлбал, нөхөн сэргээлтийн төлбөрөө урьдчилаад 100 хувь төлдөг байх, уул уурхайн үйл ажиллагааны гуравны хоёр нь яваад дуусахад нөхөн төлбөрийнх нь бүх мөнгө ороод дуусчихсан байх ёстой.
Хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хууль бусаар хааж хорьсон этгээдийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг болно
-Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдыг хамгаалах орчныг хэрхэн бүрдүүлж өгөх вэ?
-Одоогийн байдлаар уул уурхайн хууль ёсны эрх ашгаа яг хэрэгжүүлээд явж байгаа гадна, дотнын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг хууль бусаар хааж хорьсон хүмүүс, аливаа байгууллагад ямар нэг хариуцлага байхгүй. Тэгвэл үүнийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэдэг болж байгаа.
Монголын эдийн засгийн суурь нь уул уурхай. Орж ирж байгаа 100 ам.доллар бүрийн 95-ыг нь энэ салбар олж ирж байна. Бид бүх уул уурхайгаа зогсоож болно. Тэгвэл бидэнд 1911 оноос өмнөх үеийн амьдрал буцаж ирнэ. Гэрэлгүй, цахилгаангүй, сургуульгүй, эмнэлэггүй, тоггүй, замгүй ийм л улс руу бид шилжинэ. Тэгэхээр балансыг олох бодлогыг л бид энэ хуулиар хийсэн гэж харж байгаа. Нэг хуулиар бүх асуудлыг бүрэн шийдэж чадахгүй ч гол асуудлуудаа шийдэх ёстой.
-Дэлхий нийтээрээ чухал ашигт малтмал гэдэг ойлголтод анхаарал хандуулж байна?
-Манай улс ямар түүхий эдээ чухал ашигт малтмал гэж үзэх юм, олон улсын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хэрхэн нэгдэх, ямар байдлаар давуу тал олгох, Засгийн газар үүнийгээ хэрхэн шийдэх юм, хайгуул болон олборлолт дээрээ хэрхэн анхаарах юм гэдэг асуудлуудыг энэ хуулиар тодорхой болгож байгаа. Анх удаагаа суурийг нь тавьж өгч байна гэсэн үг.
-Уул уурхайн компаниуд орон нутагтай гэрээ хийнэ гэсэн ерөнхий заалт байдаг болохоос яг аль субъекттэй нь хийх вэ гэдэг нь тодорхой бус байдгаас болж эргээд ААН-үүдэд дарамт үүсч байгаа. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ тал дээр ямар зохицуулалт хийх вэ?
-Уул уурхайн компаниуд бүх төлбөр, татвараа зохих ёсны дагуу төлж байгаа. Тэгэхээр тухайн компаниуд тэртэй тэргүй өөрөөс гардаг зардал буюу албан хаагчийнхаа хувцас хэрэглэл, хоол унд, машин унаа, аюулгүй байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгаас авах гэх мэтээр хамтран ажиллах зарчим руу шилжих бүрэн боломжтой. Энэ боломжийг олгох зохицуулалтуудыг энэ хуулиар хийсэн. Дараачийн нэг том өөрчлөлт нь аж үйлдвэржилтийн суурийг бэлтгэх томоохон холбоосуудыг хийсэн.
Монгол Улс ухаад, ачаад, экспортолдог л хуультай байгаа. Тэгвэл одоо дотоодын боловсруулалтыг дэмжих, аж үйлдвэрийн салбарт татвар хураамжийн чиглэлээр дэмжлэг үзүүлсэн суурь заалтуудыг Ашигт малтмалын тухай хуульд оруулсан. Энэ намрын чуулганаар миний бие Хүнд аж үйлдвэрийн тухай хууль өргөн барих гэж байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдсан хүнд аж үйлдвэрийн салбарын хууль. Хэн боловсруулалт хийж, эцсийн бүтээгдэхүүн гаргаж, ажлын байр бий болгон нэмүү өртөг шингээж байна, түүнийг татварын бодлогоор дэмжинэ. Ухаад, ачаад, шууд гаргах нь ашигтай байхаа болино гэсэн үг. Манай 70 гаруй боловсруулах үйлдвэр өнөөдөр түүхий эдгүй гацчихсан байгаа шүү дээ. Тэгэхээр төрийн өмчит ААН-үүдээс түүхий эд худалдаж авах ёстой болвол дотоодын биржээр дамжуулан худалдаж авдаг үүд хаалгыг нь нээж өгч байгаа юм.
Оюу толгой төслийн хувьцааны ноогдол ашиг олгох хугацаа 2039 он байсныг 2027 он болгож наашлууллаа
-Та хувь хүнийхээ хувьд зэсийн АМНАТ дээр ямар байр суурьтай байна вэ?
- Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлнэ, солонгоруулна гэж олон жил ярьсан ч ганцхан бодлогоор үйл ажиллагаа явуулбал энэ салбар хэзээ ч босож ирэхгүй. Улс орнууд түүхий эд болгондоо зориулсан бодлого хэрэгжүүлж байж дэлхийд өрсөлддөг. Гэтэл бид зөвхөн нүүрсэнд суурилсан эдийн засаг босгоод, нүүрсэнд суурилсан бодлого хийчихсэн яваа. Өөр түүхий эдээ огт хардаггүй.
Нүүрсний үнэ унахад өнгөт металлын үнэ өсөж байдаг, өнгөт металлын үнэ тогтвортой байхад нүүрсний үнэ өсөж байдаг энэ зүй тогтлыг ажиглаж үүнд таарсан бодлогыг хийх ёстой. Ингэж байж энэ салбарыг удирдана. Монголын эдийн засгийн хоёр дахь багана бол зэс гэдгийг хүн бүр мэднэ. Дэлхийн зах зээл дээр нүүрсний дараа орох хоёр дахь том зах зээл бол зэсийн зах зээл. Тэгэхээр Монголын эдийн засгийг зэс аварна. Одоо дэлхийн бүх эдийн засгийг томьёолж байгаа сэргээгдэх эрчим хүч, салхин сэнс, нарны хураагуур, батарей гэх мэт ногоон эдийн засгийн бүхий л хэрэглэгдэхүүнийг хийхэд шаардлагатай түүхий эд нь зэс. Энэ утгаараа миний бие байнга хэлдэг. “Уул уурхай бол дэлхийг авардаг салбар. Тэр дундаа Монголыг аврах салбар учраас энэ салбарыг энергийн шилжилтэд суурилсан, ирээдүйн өөрчлөлтийг угтсан бодлого хийж байж амжилтад хүрнэ” гэж.
Монголд зэсийн өгөгдөл бий. Гэтэл яагаад өнөөдөр бид хоёрхон зэсийн орцтой уурхайтай байгаа юм. Эрдэнэт, Оюутолгойгоос бусад зэсийн төсөл яагаад хөдлөхгүй байна вэ. Яагаад гэхээр, нэг нь Ашигт малтмалын тухай хуулиар бараг 21.6 хувийн АМНАТ тавихаас өмнө бүх зардлаа дуусгачихсан, 50 жил болж байгаа Эрдэнэтийн уурхай. Энэ уурхайдаа зориулаад тийм өндөр хэмжээний АМНАТ тавьсан. Ийм АМНАТ-тэй улс дэлхийд өөр хаана ч байхгүй.
Манайх хамгийн өндөр АМНАТ-тэй “гажиг” улс байхгүй юу. Хэн ч ийшээ хөрөнгө оруулахгүй. Бид Эрдэнэтээс авах татвараа л нэмдэг, өөр юу ч хийж чаддаггүй. Энэ үйлдвэр удахгүй сөхрөөд унана. Тэгэхээр АМНАТ-ийн өөрчлөлтийг хуульд тусгасан. Гэхдээ ОНТРЭ-гийн хэлэлцээрийг дуустал энэ өөрчлөлтийг хийхгүй. Мөрдөх хугацааг нь 2029 он болгосон. ОНТРЭ-гийн хэлэлцээрийг хийлгэчихвэл энэ асуудлыг хөндөж байсан гишүүд өөрсдөө хэрэгжүүлэх хугацааг нь наашлуулах хууль өргөн барина гэж надад амласан, олон нийтэд хэлсэн. Тэгэхгүй бол үндэсний ганц уурхай нь хэвтэх гэж байна.
-Таныг уул уурхайн сайдын ажлыг авснаас хойшхи хугацаанд салбарт олон үйл явдал өрнөж, та ч нэлээн завгүй байлаа. Гадаадын томилолтууд ч шахуу байлаа, чухам ямар ажлуудыг амжуулав аа?
-Намайг ажил авч байхад Монгол Улс хамгийн том хоёр хөрөнгө оруулагчтайгаа маш олон жил үргэлжилсэн маргаантай байсан. Нэг нь Петро Чайна Дачин Тамсагийн маргаан. Нөгөө нь Оюу толгойн 17 жил үргэлжилж маргаан.
Бид мөнгө олъё гэвэл хөрөнгө оруулалт татах ёстой. Тэгэхээр маргааныг шийдэхээр Ерөнхий сайд Г.Занданшатрын үед ажлын хэсгүүд байгуулсан. Миний бие Ерөнхий сайдын захирамжаар УИХ-ын бүх ажлын хэсэгт нь орж ажиллаж байгаа. Тухайлбал, Менежментийн төлбөрийг бууруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. Мөн Зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллалаа. Одоо Н.Учрал Ерөнхий сайдын үед Ноогдол ашгийг авах ажлын хэсэг байгуулж, миний бие орлогч даргаар нь ажиллаад, гурван ч хэлэлцээрт орлоо. Гурвуулаа амжилттай болсон.
Нэгдүгээрт, менежментийн төлбөрийг хоёр дахин бууруулж байгаа. Рио Тинтогийн менежментийн төлбөрийг 3 давхар авдаг, 9 хувиас давдаг, бараг 10 хувийг авдаг байсан. Үүнийг хоёр дахин буулгаж 3,95 болгож чадсан. Ингэснээр 1,5 тэрбум ам.доллар буюу 8 их наяд төгрөгийн зардлыг бууруулж чадсан байна.
Зээлийн хүү бараг 10 гаруй хувьтай байсныг 3 функтээр буулгаж 4 хувь дээр нэмэх нь софер болсон. Улмаар зээлийн хүүгийн хэлцлийг долоон жил тутамд хэлэлцдэг байсныг 3 жил болгож наашлуулсан. Ингээд зээлийн хүүгээс 22 их наяд төгрөгийн зардлыг бууруулсан байна. Нийтдээ 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж Монголын талын өртөг өгөөжийг нэмсэн хэлцлийг хийлээ. Сая Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Саймон Тротт ирж, Монгол Улсын Ерөнхий сайд болон манай Засгийн газрын ажлын хэсгүүдтэй хэлцэл хийж эцэслэснээр ТУЗ-өөр оруулж эдгээр гэрээг баталлаа. Энэ бол амжилт.
- Оюу толгой төслийн 34 хувийн хувьцааны ноогдол ашиг олгох хугацааг наашлуулсан гэж сонслоо?
- Ноогдол ашиг бидний хувьд холын мөрөөдөл байсан. 2039 оноос авахаар байсан бол 2027 оноос жил болгон ноогдол авах хэлцлийг бид хийж чадлаа. Ноогдол ашгийн хэмжээ компанийн жилийн эцсийн баланс ирэх оны нэгдүгээр улиралд дуусахад тодорхой болно. Нөгөө талдаа манай улстай урт удаан хугацааны хамтын ажиллагаандаа итгэлтэй байгаа Рио Тинто группийн хамт олонд талархал илэрхийлэх ёстой. Хэлэлцээ гэдэг хоёр талаас байр сууриа нэгтгэж хамтдаа нэг шийдвэрт хүрэхийг хэлдэг.
Бид гуравдагч орны хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг болох Рио Тинто групптэй хамтарч энэ шийдвэрийг гаргаж чадлаа. Хэлцлийн үр дүн ирээдүйд, цаг хугацааны явцад тодорхой харагдана биз ээ. Мэргэжилтнүүд, олон улсын экспертүүд ч бидний хийсэн хэлэлцээрийг маш амжилттай сайн хэлэлцээр боллоо гэж дүгнэж байна.
Шатахууны нийт хэрэглээнийхээ 30 хувийг БНХАУ-аас авдаг болно
-Газрын тосны хувьд монголчууд түүхэнд байгаагүй хямралтай цаг үеийг туулж байна. Үүнийг даван туулах хэтийн төлөвлөгөө юу байна вэ?
-Орос, Украйны цэрэг дайны ажиллагаа АНУ-ын Ираны зөрчилдөөн зэргээс шалтгаалаад дэлхийн нийт газрын тосны ханган нийлүүлэлтэд хамгийн багадаа 30 хувийн дутагдал үүсэж байгаа юм. Манай улс 97 хувиа ОХУ-аас, үлдсэн 3 хувийг нь БНХАУ болон бусад улсаас авдаг.
Шатахууны нөөц нэг сараас илүү хадгалах боломжгүй ийм л ажлыг надад хүлээлгэж өгсөн. Үүн дээр бодлогын хэд, хэдэн ажлыг хийлээ. Хамгийн түрүүнд хадгалах хүчин чадлаа эрс нэмэх бодлогыг өнгөрсөн 36 жилийн хугацаанд анх удаагаа хийлээ.
Энэ жилдээ багтаад манай хадгалах хүчин чадал 14 хоногоор нэмэгдэж, 45 хоног болно. Ирэх жилд хоёр сарын хүчин чадалтай болно. 2028 он гэхэд гурван сар хадгалж чаддаг болно. Дотоодын газрын тосны үйлдвэрийн үйл ажиллагаа буюу бүтээн босголтын ажил үндсэндээ зогссон, 30-аад хувьтай л байсан. Өнгөрсөн жил үүнийг 60 хувь руу хүргэчихсэн, 2028 онд дуусгана. Маргаантай холбоотой асуудлуудыг нь шийдэж, гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийг Засгийн газраас өргөн бариад одоо зээлийн санхүүжилтэд нь гацах зүйлгүй болсон.
Манай улс гаднаас авсан зээлээ орлого, зарлага талдаа бүртгээд, жилд зарцуулах хэмжээний хязгаартай. Хэрэв өмнөх хуулиараа явсан бол бид газрын тосны үйлдвэрийг 10 жил гаруй хугацаанд барина. Жилдээ 60-100 сая ам.доллар зарцуулж чадна.
-Мөнгө нь, ажил нь байдаг ч хуулиасаа болоод зарцуулж чаддаггүй байсан. Тэгвэл, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотой төсөл учраас үүний санхүүжилтийг төсвөөс гаргаад ажлыг эрчимтэй явуулж байгаа гэж ойлголоо?
-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилт, газрын тосны үйлдвэрийн санхүүжилт хоёрыг гаргаж байгаад тусад нь явуулж байгаа. Одоо тэнд 4500 гаруй хүн гурван ээлжээр 24 цаг ажиллаж байна. Ажил маш эрчимтэй явж байгаа. Технологийн томоохон тоног төхөөрөмжүүдийг захиалчихсан, захаасаа орж ирээд угсарч байна.
-Тэгвэл бид шинээр газрын тосны хайгуул хийх боломжтой болох нь ээ?
-Тийм. Манай улс жилд 380 мянган тонн газрын тос олборлодог. Гэтэл манай улсын жилийн хэрэглээ 3,1 сая тонн. Бүтээгдэхүүнээрээ шүү дээ. Тэгэхээр 380 мянган тонн газрын тосноос 30 хувь нь буюу 120 мянган тонн орчим бензин л гарна. Манай улсын бараг нэг сарын л хэрэглээ.
Газрын тосны хайгуул яагаад зогссон гэхээр, бид хөрөнгө оруулагчдаа хөөж гаргаад байсан. Үүнд нутгийн ард иргэдийг буруутгаад байх шаардлагагүй. Харин хууль эрх зүй, төрийн бодлого буруу байсных. Олсон тосных нь орлогоос нутгийн ард иргэдэд өгөх ёстой. Дээр дурьдсан шиг АМНАТ-өөс нь өг л дөө. Энэ хуулийг Их хурлын гишүүн Л.Соронзонболд, М.Бадамсүрэн тэргүүтэй гишүүд санаачлан батлуулж чадсан.
-Та сая БНХАУ руу явж Петро Чайнатай томоохон хэмжээний уулзалт хийлээ. Энэ уулзалтаар чухам юу, юуг шийдэв ээ?
-Монгол Улс Петро Чайна гэдэг дэлхийн газрын тосны хамгийн том компанитай 16 жил үргэлжилсэн маргаантай байсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ тэд ААН биелүүлээд байдаг. Үе, үеийн Засгийн газрын үед улс төржиж, шүүхийн янз бүрийн шийдвэрүүд гарсаар 700 гаруй тэрбум төгрөгийн маргаантай байсан. Энэ асуудлыг өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганаар тусгайлсан хууль оруулж бүрэн шийдэж дуусгасан. Саяхан миний бие БНХАУ-д очиж айлчлаад энэ асуудлыг ярилцаад Хятадын тал маш сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Эрэл судалгааны ажлаа эрчимжүүлэх, манай дотоодын газрын тосны үйлдвэрийн түүхий эдийг хангах чиглэлд эрчимтэйгээр ажиллахын зэрэгцээ хоорондын маргаанаа бүрэн шийдээд ирлээ.
Түүнчлэн бид газрын тосны 14 талбайд хөрөнгө оруулагчийг зарласан. Санаатай болон санамсаргүй улстөржилт их байгаа учраас Үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд Монгол Улсын ерөнхий сайд Н.Учралын шийдвэрээр Засгийн газрын хуралдаанд орж, газрын тосны эрэл судалгаа хайгуулын талбайнуудыг дотоодын цэргийн хамгаалалтад авч байна. Газрын тос бол манай улсын үндэсний аюулгүй байдал.
Бидэнд тос байгаа юу, байгаа. Гол нь хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх ёстой. Ялангуяа хөрөнгө оруулалтын ийм тогтворгүй нөхцөл байдалтай манайх шиг улс оронд хөрөнгө оруулалт олж ирнэ гэдэг туйлын хүнд. Тиймээс хөрөнгө оруулагчидтайгаа асуудлаа шийдэх асуудал гарсан, ингээд гуравдагч орны том маргаанаа дуусгалаа. Одоо газрын тосны эрэл судалгааны ажил эрчимжинэ.
БНХАУ өөрөө дотооддоо бензин шатахууны хомсдолтой улс. Саяын уулзалтаар тохирсон бас нэг зүйл нь урт хугацааны тогтвортой, зах зээлийн үнээр шатахууныг тасралтгүй, хэмжээ хязгааргүйгээр нийлүүлэх хэлцлийг хийж чадлаа. Энэ бол мөн л 30-аад жил хэн ч оролдоод хийж чадахгүй байсан ажил. Ирэх аравдугаар сардаа багтаад гэрээ хэлцлээ дуусгачихна. Ингэснээр бид шатахууны нийт хэрэглээнийхээ 30 хувийг БНХАУ-аас авдаг болно. Дэлхийн улс орнууд шатахууны хямралтай нөхцөл байдалд аль болох олон эх үүсвэрээс авдаг болж байгаа. Бид БНСУ-аас, Сингапураас бас авна.
Уул уурхайн салбар цаашдаа аж үйлдвэрийн салбар болж өөрчлөгдөх эрх зүйн өөрчлөлтүүдийг бид сайтар хийж дуусгана. Гадна, дотнын хөрөнгө оруулагчдадаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Салбарынхаа хөрөнгө оруулагчдыг хамгаална. Үүссэн асуудлыг бид яриа хэлэлцээний шугамаар шийдэж чаддаг болсон, цаг үе өөр болсон, бидэнд итгээрэй гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: "Уул уурхайн сэтгүүл"
Сэтгүүлч Х.Хулан




Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэж, ёс зүйтэй оролцоно уу. Зохисгүй сэтгэгдлийг редакц устгах эрхтэй.
Сэтгэгдэл ачаалж байна…