‹ Буцах

С.Сувд: Хүүхэд төрөөд 29 хоногтойгоос нь “Манай орчлонгийн хүн болсон” гэж үзээд асаргааг эхлүүлдэг

Нийгэм
С.Сувд: Хүүхэд төрөөд 29 хоногтойгоос нь “Манай орчлонгийн хүн  болсон” гэж үзээд асаргааг эхлүүлдэг

Монголчуудын эрүүл аж төрөх эртний уламжлалт ёс, соёл, анагаах ухааны үнэт өвийг сурталчлан таниулах, олон нийтэд уламжлалт анагаах ухааны талаар эрүүл мэндийн боловсрол мэдлэг өгөх зорилготой  “Алтан тун” фестивалийг гурав дахь жилдээ, илүү том цар хүрээтэйгээр зохион байгуулахаар салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна. Уламжлалт анагаах ухааны  “Алтан тун” фестиваль энэ сарын 10-нд Яармаг дахь “Нароба” институтэд болох юм. Өдөрлөгийн үеэр ард иргэдэд зориулсан уламжлалт анагаах ухааны танин мэдэхүйн лекц уншиж, зөвлөгөө өгөхөөс гадна эмч мэргэжилтнүүдэд зориулсан онолын мэдлэг, оношилгоо, эмчилгээний арга, ёс зүйн сургалтууд ч болох ажээ. Түүнчлэн иргэдэд үзлэг, оношлогооны үйлчилгээ авах боломжийг ч бүрдүүлдэг юм.  

Уламжлалт анагаах ухааны олон эмнэлэг, чадварлаг эмч нар оролцож, иргэдэд зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тэдний нэг, “Бомбордук” хүүхдийн уламжлалт эмнэлгийн үүсгэн байгуулагч, уламжлалт анагаах ухааны их эмч С.Сувдыг онцлон ярилцсанаа хүргэе. Тэрбээр, “Алтан тун” фестивалийн үеэр “Аутизмын хүрээний эмгэг” сэдвээр иргэдэд лекц унших юм.

-Уламжлалтын эмч нарыг “хүүхдийн” гэж төрөлжиж ажилладаг гэж урьд нь сонсоогүй юм байна. Ингэж төрөлжих болсон шалтгаан нь юу вэ?

-АШУҮИС-иа төгсөөд л төрөлх сумандаа хүүхэд хариуцсан эмчээр ажлын гараагаа эхлүүлсэн үеэсээ хүүхдийн эрүүл мэндтэй холбогдсон. Анх сумын эмчээр оччихоод айдастай, “Би чадах болов уу?” гэх  эргэлзээ ихтэй байлаа.

 

Гэхдээ миний сурсан уламжлалт анагаах ухааны мэдлэг хүүхдийн үзлэг оношлогоонд олон давуу талыг бий болгож, маш их дэм өгсөн гэж боддог юм. Өөрөөр хэлбэл, уламжлалт анагаах ухааны эмч нарын нэг онцлог нь үзлэг оношлогоог зөвхөн чагнуураар хийдэггүй, илүү өргөн хүрээнд авч үздэг л дээ. Хүүхдийг анх эмчийн өрөөнд орж ирэхээс нь эхлээд л ажиглана. Арьс, нүд, уруулын байдлаас хүүхдийн цог жавхаатай байдал харагддаг. Ингэж уламжлалт анагаах ухааны “Таван цэцэг, гурван хир” гэсэн ерөнхий оношлогоогоор эхэлдэг юм. Дараа нь европ анагаах ухааны дагуу хүүхдийн хоолойг  шалгаж, уушгийг нь чагнаж, тэмтрэлт хийж оношоо тавьдаг. Үүнийг ярьж байгаа маань уламжлалт анагаах ухааны эмч нар европ анагаах ухаанд зааснаас илүү өргөн хүрээнд оношоо тавьдаг гэдгийг хэлэх гэсэн санаа.

 

Миний бие 2019 оноос хүүхдийн уламжлалт эмчээр дагнаж ажиллаад 2022 онд “Бомбордук” эмнэлгээ нээсэн юм. Манайх хүүхдэд бариа, бумба, төөнүүр гэхчлэн уламжлалт анагаах ухааны засал болон эмийн эмчилгээ хийдэг. Хэдийгээр бид 14 хоногтой нярайгаас эхлээд бүх насны хүүхдэд үйлчилдэг ч ихэнх үйлчлүүлэгч маань 0-3 насныхан байдаг.

-Уламжлалт анагаах ухаан ардын бор аргатай их ойр. Гэхдээ хүссэн зоргоороо эсвэл сонссон сургаараа хэрэглэх нь өнөө цагт нийцэмгүй байна гэх шүүмжлэл ч бас байх юм. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ихэнх үйлчлүүлэгчид маань 0-3 насныхан гэсэн дээ. Өөрөөр хэлбэл, бие махбодын хувьд ид өвчлөмтгий, дасан зохицох үйл явц нь идэвхитэй байгаа үеийнхэн.

Манай эцэг, эхчүүд хүүхдээ 1-2 насанд нь гэртээ “хав дараад” сайхан асарчихдаг шүү дээ. Энэ үед элдэв халдвар авах нөхцөл харьцангуй бага байдаг учраас өвчлөлийг хянах түвшинд байдаг.  

Гэсэн ч ясли, цэцэрлэгт  элсэж, нийгмийн харилцаанд орох үеэс хүүхдийн өвчлөл их эхэлдэг. Хүүхдүүдийн 60-70 хувь нь  3-4 нас хүртлээ өвчлөлд өртөмтгий болчихдог юм. Сургуульд орсон хойноо ч ханиад хүрлээ л бол тэр нь хатгаа болчихдог хүүхдүүдийг анзаарахаар ихэнх нь цус багадалт,  витамин Д-гийн дутагдал, эсвэл  биеийн ерөнхий тамир багассан байдаг. Энэ бол хүүхдийг багад нь зөв асарч, тордоогүйн балаг.

-Манайхан, “Зундаа шар сүүнд оруулж наранд ээсний хүчинд өвөл хамрын шуухинаа туссангүй, хөнгөн өнгөрлөө” гэдэг. Уламжлалт анагаах ухааны давуу тал нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайтай гэж ойлгож болох уу. Тухайлбал танай эмнэлэгт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг үү?

-Урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэхгүй ч зохист зөвлөгөөг өгнө. Бид чинь  олон мянган жил туршигдсан уламжлалт анагаах ухаантай улс. Мэдээж, мянганаар уламжлагдсан ухаанд давуу болон сул талын аль алийг нь бий болгосон. Давуу тал нь монголчууд хүүхдээ багаас нь асарч бойжуулах арвин туршлагатай болсон. Захын ээж, эмээ хүүхдээ бор цай, булууны ясны шөлөнд оруулах, тараг айргаар шавших, бага үдийн наранд ээхийн ач тусыг мэддэг. “Борвийг минь илээд өгөх эмээтэй болоосой” гэж нялх хүүхэд боддог гэдэг дээ. Хүүхдийг доош нь харуулж хэвтүүлээд ууцыг нь илэх бариа заслыг хэлж байгаа юм. Доош нь харуулж хэвтүүлээд хүүхдийн  хөдөлгөөнд маш чухал хэрэгтэй дасгалыг хийлгэдэг байсан онцлогтой ард түмэн бол монголчууд. Тэр ч утгаараа ардын бор арга хоол унд, хүүхдийн асаргаанд нэвт  шингэчихсэн. Гэхдээ үүнийг тухайн хүүхдийн онцлогт тохируулан  хийдэг. Тухайлбал, шар сүүнд оруулахаар харшилдаг хүүхдийг айргийн исгэлэн шар сүүнд бус, бяслаганы зөөлөн шар  сүүнд оруулах нь зөв. Энэ мэт нарийн ширийнийг уламжлалт анагаах ухааны эмч нар эцэг, эхчүүдэд зөвлөөд өгчихдөг юм.

-Нярайн асаргаанд бид бүгдээрээ мэддэг юм шиг хэрнээ алддаг зүйл байна уу?

-“Бор цай сайн” гээд сар хүрээгүй нярайгаа оруулаад, “Тос сайн” гээд молекул бүтэц  томтой тосоор тослоод байвал арьс эмзэгшиж харшламтгай болох эрсдэлтэй. Тиймээс тухайн хүүхдийнхээ онцлогт тохируулаад, зөв цаг үед нь  тохиромжтой асаргаа үйлчилгээ хийх нь чухал. Ингээд яривал дуусахгүй их зүйл бий. 

Аутизмын үед хийн хямрал илэрдэг учраас уламжлалт эмчилгээтэй хавсрах нь сайн нөлөөтэй

 

-Бор цайнд оруулах нь сайн гэдгийг бүгд л мэднэ. Гэхдээ насны хязгаар байдаг гэж мэддэггүй байх. Энэ талаар тодруулаач?

-Хүүхэд төрснөөс хойшхи 28 хоног бол нярай үе. Нярай үед хүүхдийн биед дасан зохицох үйл ажиллагаа болж байдаг. Ээжийнхээ хэвлийд 47 хоног, усан дотор чийглэг орчинд  сэлж хөвсөөр бойжиж гарч ирсэн хүүхэд маань хуурай, дуу чимээтэй орчинд гарч ирдэг. Товчхондоо энэ хорвоогийн хүн болж амьдарч  чадах эсэхийг нь шийддэг хугацаа. Европ анагаах ухаанд үүнийг “Эрүүл эмгэгийн зааг” гэдэг. Энэ хугацаанд буюу 14 хоногийн дотор шарлалтыг арилгах ёстой, илүү удааж болохгүй гэхчлэн эрүүл мэндийн зааг бий. Тэр утгаараа асаргаагаа болгоомжтой сонгох ёстой. Тухайлбал, төрөөд 28 хоног болоогүй хүүхдийг бор цайнд оруулахгүй байх нь зөв. 

-Молекулын бүтэц том тос дэмий гэлээ. Яг ямар тосны молекулын бүтэц нь том байдаг талаар ээжүүд маань төдийлөн сайн мэдэхгүй байх?

-Шар тос, сүүл, адуу, баавгайн тосны моллекулын бүтэц том байдаг. Аль болох шингэн хэлбэрийн, загасны тос шиг тос хэрэглэх нь зөв. Молекулын бүтэц том тосыг сайн хайлуулж, түрхдэг ч арьсны нүх сүвийг  бөглөдөг. Маш бага хэмжээгээр хэрэглээрэй. Нялбайлгахгүй шингээх гээд илээд байвал хүүхдийн арьс улайж, эмзэгшдэг гэмтэй. Нярай үе дуусаж, 29 хоногтойгоос нь “Манай орчлонгийн хүн  болсон” гэж үзээд асаргаагаа эхлүүлэх ёстой.  Хүүхдийн арьс том хүний арьснаас 2.5 дахин нимгэн  ч  нэгж талбай дахь нүх сүв нь биднийхтэй адил байдаг. Том хүний арьсны нүх сүв нь тархмал байдаг бол хүүхдийнх маш шигүү байдаг учраас л амархан эмзэгшдэг. Тиймээс аль болох химийн найрлагагүй, органик бүтээгдэхүүн сонгохыг чухалчлаарай.

-Сүүлийн үед нярайн шарлалт ихэссэнээс үүсэх хүндрэл их байгаа тухай дуулдах болсон. Юунаас болоод байна вэ?

-Ажиглахаар дээхэн үед хүмүүсийн идээ ундаа,  явдал мөрийн дэглэм, амьдралын хэв маяг харьцангуй зөв эрүүл байсан. Хүүхэд эхийн гэдсэнд  байх үеийн  ээж болон ургийн цусны эргэлт гэж зүйл байдаг. Хүүхэд төрсний дараа эхийн цус тодорхой хэмжээгээр хүүхдэд байдаг ч тэр нь задарч, хүүхдийн цуснаас маш богино хугацаанд зайлдаг. Гэтэл энэ үйл явц нь удааширснаас шарлалт болж байгаа юм. Энэ бол  эхийн жирэмсэн үедээ идсэн хоол унднаас шууд хамаардаг зүйл. Уг нь эмэгтэй хүн хүүхэд тээсэн үеэсээ эхлээд уламжлалтын эмчид үзүүлээд тохирсон тангаа хэрэглээд байвал шарлалтаас урьдчилан сэргийлж болно. Харин нэгэнт шарлалтай бол усанд уусгаж хэрэглэдэг “Одь тан” эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох “Шарлалтын тан дэвтээлгэ”-ийг хэрэглээрэй.

Түүнчлэн хүүхдийн 0-3 сард асаргаа муугаас гэдэс дүүрэх, уйлах, цаг нь болоогүй байхад хөхөө хөхөх гэж уйлах нь элбэг тохиолддог. Монголын уламжлалт анагаах ухаанд яг энэ үед нь хэсэг газрын бариа, соруул, төөнө эмчилгээ хийдэг. Амьдралын  эхний гурван сард нь хүүхдийн гэдэс дүүрэх, унтахгүй уйлах, гэдийж нумрах зовиур түлхүү илэрдэг бол бор хоолонд орсон цагаас гэдэсний хямрал түлхүү илэрдэг. Энэ үед нь уламжлалт анагаахын зүгээс жин эмчилгээ болон төөнүүр хийх нь үр дүн өндөртэй байдаг юм. Ер нь төөнө, соруул эмчилгээг эмнэлэгт л хийлгэх ёстой юм шүү.

-Бумбыг буруу тавьбал яах вэ?

-Булчин эсрэгээрээ бүр чангарна. Бумба тавьж болохгүй бэлчир орон гэж байдаг. Булчин чангарахын хэрээр өвдөлт даамжирна.

-Хүүхдэд тулгардаг бас нэг бэрхшээл нь тархины доргилт. Бид чинь болсон болоогүй бариач руу хүүхдээ тэврээд л гүйчихдэг маань зөв үү?

-Тархи доргилтын үед хамгийн эхэнд жижиг судас гэмтсэн эсэх, харвалтын голомт үүссэн  эсэхийг сайн шалгах хэрэгтэй. Үүнээс өмнө бариулж болохгүй. Зулай битүүрээгүй үед бол зулайн эход харуул. Харин зулай битүүрсэн бол зайлшгүй томографт орох шаардлагатай. 

Бид тархины доргилттой хүүхдийг үзээд эрсдэлтэй гэж үзсэн хүүхдээ “шалгачих” гээд явуулдаг. Эрсдэлгүй байвал барьчихна. Зарим хүүхэд тархи доргисон ч  нүд нь том жижиг болчихоод өөрөө болохоор эрүүл юм шиг байгаад байдаг. Харин зарим нь гүйлгэж, бөөлжөөд  нурмайчихдаг. Энэ бол тухайн хүүхдийн онцлог.  Гэхдээ ямар ч тохиолдолд үүнийг эмчлэхгүй удааж болохгүй. Доргилт удсанаар уналт, таталт өгөх аюултай.

-Ингэхэд, уламжлалт анагаах ухааны эмчилгээтэй хүүхдийн эмнэлэг улсын хэмжээнд хэд байдаг юм бэ?

-Хувийнх гэвэл цөөхөн дөө. Манай Бомбордук эмнэлэг 10 дугаар хороололд байрладаг ч 5 хүртлэх насны хүүхдэд гэрээр үйлчилгээ үзүүлдэг. Мөн төрийн өмчит хүүхдийн сэргээн засах төвүүд бий. Эрүүл мэндийн даатгалаараа үнэ төлбөргүй үйлчлүүлж, уламжлалтын эмнэлэгт хийдэг бүхий л эмчилгээг хийлгэх боломжтой.

-Хүссэн хүсээгүй ханиад томууны улирал эхэлчихлээ. Эцэг эхчүүддээ энгийн зөвлөгөө өгөөч?

-Хүүхэд ханиад хүрэх шинж илрэнгүүт 3-5 хоног асаргаа хийж ажиглаарай. Гэхдээ асаргаанд өөрчлөгддөг хүүхэд байдаг бол авдаггүй хүүхэд ч бас бий. Өөрөөр хэлбэл, асаргаа нь эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ болохоос эмчилгээ биш. “Тэгж байгаад зүгээр болчихно” гэж тайвширч болохгүй. Өдөр тутмын уламжлалт асаргааг ханиад эхлэх үед эсвэл хурц үе өнгөрснөөс хойш залгуулаад хийгээрэй. Хүүхэд өвдөх үед хий заавал хямардаг. Тиймээс дараа нь шөл уулгах, жин тавих, бүлээн ваннд суулгах асаргаагаа заавал хийх хэрэгтэй.

-Түүнээс гадна хүүхэд зулай жижигтэй гарах тохиолдол ихэссэн тухай эмч нар ярих болсон. Энэ  юунаас болоод байна вэ. Та ажиглав уу?

-Хүүхдийн ясжилтын үйл явц илүүдсэн гэсэн үг. Хүүхэд тээлтийн үеийн ээжийн идээ ундаатай холбоотой.

-Сүүлийн үед аутизм гэдэг аюул олон тохиолдох боллоо. Орчин, идээ ундаанаас болоод байна уу, энэ талаар та судалж үзэв үү?

 

-Олон тохиолдол байгаа нь оношлогоо, илрүүлэг сайжирсантай холбоотой гэж үздэг. Өмнө нь хөнгөн хэлбэрийн аутизм оношлогддоггүй байсан. Уламжлалтад аутизмыг “Цагаан судлын өвчин” гэж үздэг. Харин дэлхий нийт аутизмыг өвчин бус эмгэг байдал гэж үздэг. Хүний биед  платум нийлэгжүүлдэг  ген байдаг. Тэр генийн дараалал өөрчлөгдсөнөөс аутизм ихсээд байна гэх таамаг бий. Угаас тархи-гэдэсний холбоос буюу шинжлэх ухаанд (Gut-Brain Axis) гэж нэрлэдэг тогтолцоо нь хүний төв мэдрэлийн систем болон хоол боловсруулах замыг холбосон хоёр чиглэлтэй мэдээллийн идэвхтэй сүлжээ байдаг. Гэдэсний ашигтай бактери  орчин хангалттай сайн байвал бие эрүүл байна, тархи сайн байна гэсэн үг. Тэр ч утгаараа аутизмтай хүүхэдтэй аав, ээжүүд ходоод гэдэсний эрүүл мэндийн асуудалтай тулж ажиллаад байдаг.  Миний хувьд тэдгээр эцэг эхэд, “Уламжлалт анагаах ухааны эмчилгээтэй хавсраад үзээрэй” гэж зөвлөнө. Өөрөөр хэлбэл, аутизмтай хүүүхдэд эмнээс гадна хий тэгшитгэх заслыг хамт хийлгэх ёстой. Бүлээн бариа, төөнүүр аутизмтай хүүхдийн эмчилгээнд маш үр дүнтэй. Аутизмын үед хийн хямрал явагддаг учраас хийн бэлчрүүдийг нь  сайтар төөнөж өгснөөр маш сайн үр  нөлөө гардаг. Ийм байдлаар тууштай яваад байвал хүүхдийн хөгжлийн байдал илт сайжирдаг юм шүү.

-Уламжлалт анагах ухааны “Алтан тун”  фестивал гурав дахь жилдээ болох гэж байна. Өдөрлөгийн талаар мэдээлэл өгөөч?

- Фестивал Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Яармагийн “Хүүшийн ам”-нд байрлах Наро Банчэн хутагтын "Амарлихуй" хийдийн хурлын танхимд болж, 09.00-17.30 цаг хүртэл үргэлжилнэ. Уламжлалт анагаах ухааны бүхий л эмч нар ирж, 10 мянган төгрөгөөр үзлэг, оношлогоо хийхээс гадна эм тангийн худалдаа ч болно.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?

Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрхийг хүндэтгэж, ёс зүйтэй оролцоно уу. Зохисгүй сэтгэгдлийг редакц устгах эрхтэй.

Сэтгэгдэл ачаалж байна…